Thursday, November 7, 2013

Монгол Улсын Хүүхэлдэйн театр

Монгол Улсын Хүүхэлдэйн театр

Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь сайд нарын зөвлөлийн 1948 оны 07 дугаар сарын 17-ны 203 дугаар тогтоолдоо “Улаанбаатар хот ба хөдөөгийн хүүхдийг уран сайхнаар үйлчлэх зорилгоор урлагийн хэрэг эрхлэх газрын дэргэд Монгол Улсын Хүүхэлдйэн театр үүсгэн байгуулагдаж, анхны мэргэжлийн уран бүтээлчдээ ЗХУ-ын нэрт хүүхэлдэйч С.Образцовын нэрэмжит театрт суралцуулан, мэргэжлийн тайз, үзэгчдийн танхимтай болж гал голомтоо бадраасан түүхтэй.
Эдүгээ тус театр их, бага гэсэн хоёр тайзнаа уран бүтээлээ тавьдаг. Үзэгчдийн ихэнх нь цэцэрлэгийн болон ЕБС-ийн насны хүүхдүүд байдаг бөгөөд тэдэнд зориулж үндэсний болон дэлхийн сонгодог хүүхдийн зохиолоос түүвэрлэн авч тайзнаа амилуулдаг юм. Хүүхэлдэйн урлагийн багт, таягт, утсан, бээлийт, хуруун, сүүдэр гээд бүхий л төрөл жанраар туурвидаг.
Захиргаа, үйлдвэр анги, уран бүтээлийн анги гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын түүх

Үлгэрийн шидэт ертөнцөөр бяцхан үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсан Хүүхэлдэйн театр 1948 онд байгуулагджээ.
Монголын Хүүхэлдэйн урлагийн үүсэл хөгжлийг гурван Чой-той холбон тайлбарлах нь олонтаа. Тийнхүү үүсэн буй болохоос өмнө маршал Х.Чойбалсан Монгол Зөвлөлтийн найрамдал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар Москвад очихдоо Хүүхэлдэйн театр үзсэн нь манай хүүхдүүдэд азтай сайхан үйл явдал болжээ.
Х.Чойбалсан эх орондоо буцаж ирээд хүүхдийн хүмүүжилд онцгой ач тустай тэрхүү өвөрмөц сонин урлагийг монголдоо бий болгохоор зорьж, дараа жил нь 3 авьяастныг шилэн сонгож хүүхэлдэйн эрдэмд суралцуулахаар Москвагийн Образцовын театрт илгээжээ. Анхны 3 нь найруулагч М.Чойжамц, зохиолч Н.Надмид,зураач А.Дашдондог нар бүлгөө. М.Чойжамц эх орондоо буцаж ирээд хүүхэлдэйн урлагийн баг бүрдүүлж “Гайхамшигт хайрцаг” гэдэг орчуулгын жүжгээр 1948 оны наадмын өдрүүдэд нээлтээ хийж үзэгчидтэйгээ мэндэлжээ.
Гуравдахь Чой буюу А.Чойсон 1951 онд Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж, хожим нь 1961 онд Прага хотын Урлагийн дээд сургуульд элсэн орж суралцаад Хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн найруулагчаар төгсөж ирсэн байна. А.Чойсон эх орондоо буцаж ирээд олон жил хүүхэлдэйн театрыг удирдахын зэрэгцээ зохиолч, орчуулагч, найруулагчийн үүргийг давхар гүйцэтгэж, нэгэн насны амьдралаа тэрхүү урлагт зориулсан билээ.
Хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэхэд найруулагч М.Чойжамц, А.Чойсон, Б.Алтан-Очир, С.Наранцэцэг, зураач А.Дашдондог, Г.Актив, Д.Ринчен, П. Балдандож, хөгжмийн зохиолч Э.Чойдог, Г.Бирваа, Т.Чимэдддорж, Д.Лувсаншарав, барималчин П.Дамдинсүрэн, Б.Чулуунцэнд нарын олон авьяастан их үүрэг гүйцэтгэжээ. Эхний үед туршлага нимгэн, орчуулгын жүжиг голлон тавьж байж. Тийм ч амаргүй энэ ажилд манай шинэ үеийн уран зохиолын ноён оргилууд татагдан оролцож байсан нь хойч үеийнхээ төлөө хийсэн буянтай сайн үйлс болжээ.
А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр” С.Маршакийн “Муурын байшин” үлгэрийг Ц.Дамдинсүрэн, Я.Маликийн “Алаг бөмбүүлэй” жүжгийг Б.Ринчен ардын уран зохиолын мэргэн цэцэн үг хэллэгээр яруу сайхан орчуулжээ. Эдгээр нь монгол зохиолчийн бүтээл мэт санагдах бөгөөд өнөө хүртэл хүүхдийн жүжгийн орчлуугын өндөр дээд үлгэр жишээ болсон хэвээр байна. Хүүхэлдэйн театрын анхдагчдын нэг зохиолч Н.Надмид “Мэхээлэй хүү”, “ Боролзой хүү”, “ Боролзой хүү”, “Адуучин хүү” зэрэг жүжгээрээ үндэсний уран бүтээлийн эх суурийг тавьжээ.
Хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэхэд олон зохиолч идэвхитэй оролцсон бөгөөд тэдний дундаас Ч.Ойдовын “Алиа Тогмид”, “Эвийн энх”, “Аргат бяцхан баатар”, Л.Ванганы “Худалдагчийн зүүд”, Д.Намдагийн “Борхүү”, “Цэцэрлэг дээр”, Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь”, Д.Содномдорж, Д.Гармаа нарын “Маргад эрдэнэ”, Ш.Шажинбатын “Алтан эвэрт мөнгөн туурайт”, Б.Лхагвасүрэнгийн “Согтуу арслан”, “Цүнх давс”, П.Хорлоогийн “Туулайн бүжин” Б.Дашбалбарын “Ганц юм чинь” А.Чойсон “Хүн чулуу”, Д.Оюунбадрахын “Хунгийн домог” зэрэг жүжгүүдийг онцлон дурдалтай. Хүүхэлдэйг амилуулж хүний ёсонд оруулдаг ховор нандин авьяастнаас М.Чойжамц, А.Чойсон, П.Балдандорж нар урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Дамдинбазар, Л.Чимэддорж, А.Доржпүрэв нар улсын гавьяат жүжигчин, Б.Лхагвасүрэн ардын уран зохиолч, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн болжээ.
Хүүхэлдэйн театр амжилт бүтээлийн нэгэн жаран туулж хөгжил дэвшлийнхээ шинэ үед оров. 2009 оны сүүлийн хагас жилээс яруу найрагч Цоодолын Хулан захирлаар ирсэн бөгөөд хүүхдэд таатай орчныг бүрдүүлэх талаар анхаарч, уран бүтээлийн бүхэл бүтэн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Дэлхийн үлгэрийн их хаантан Х.К.Андерсаны дүрийг монголд анх удаа тайзнаа амилуулан монгол жаалтай уулзуулж “Нугасны муухай дэгдээхий” алдарт үлгэрийг яриулахаас эхлээд Шарль Пеьрогийн “Улаан малгайт”, “Ах дүү Гриммийн үлгэрүүдээс бяцхан үзэгчиддээ толилуулж эхлэв. Монголын ард түмэн олон үеийн турш үр хүүхдээ үгийн урлагаар хүмүүжүүлсээр ирсэн билээ.
Оюуны соёлын тэрхүү баялаг өв сангаар хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр боловсруулан, түүнд хүүхдийн зохиолчдын хүч авьяасыг төвлөрүүлж эхлэв. Ж.Дашдондогийн “Алтан хөрш”, “Таван тивийн үлгэрүүд” зэрэг жүжгүүдийг их, бага тайзнаа тоглууллаа. Их тайз сургуулийн насныханд, бага тайз сургуулийн өмнөх насныханд зориулагдана. Тус театр тайзнаа жүжиг тоглохын зэрэгцээ хүүхдийн амьдралд тохиолдох тэмдэглэлт өдрүүд, төрсөн өдрийн баяр, цагаан тоглгойн баяр зэргийг зохион байгуулахын зэрэгцээ “Мальвина” зоогийн газар ажиллуулж, хүүхдийн эрүүл ахуйд нийцсэн чанартай цэвэр хүнсээр үйлчилж байна. Үр хүүхдийнхээ оюуныг хөгжүүлэх тухайд эцэг эхчүүдэд зориулсан ”Толгой хөгжвөл гар хөдөлнө” сэдэвт цуврал лекцийг нэрт зохиолчид, гавьяат багш, сурган хүмүүжүүлэгчид уншиж байна. Монгол Улсын Хүүхэлдэйн театрын үүдээр тавтай морилцгоо.

No comments:

Post a Comment