ТЕАТРЫН АНХНЫ МЭРГЭЖИЛТЭН А.А.ЕФРЕМОВ
Монголд мэргэжлийн театрын урлаг үүсэн бий болох, орчин үеийн театрын урлагийн хөгжилд Оросын театрын зүтгэлтнүүд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. 1930 онд Ардыг Гэгээрүүлэх яамны урилгаар Орос улсаас театрын анхны мэргэжилтэн А.А.Ефремов уригдан иржээ. Найруулагч А.Ефремов ирсэн даруйдаа театрын анхны түр сургууль байгуулсан ба тэрбээр анхны мэргэжлийн театрын эх үндсийг тавилцагчдын нэг хэмээн зүй ёсоор тооцогддог юм. Оросын театрын нэрт онолч К.С.Станиславский, В.И.Немирович-Данченко нарын шавь тэрбээр Москвагийн А.Грибоедовын нэрэмжит театрын студийг төгссөн бөгөөд Монголд ирэхийнхээ өмнө А.В.Луначарскийн нэрэмжит теат рын техникумд багшилж байжээ. Багшлах болон найруулагчийн дадлага туршлагатай түүнийг Монголын театрынхан баяртайгаар уг тан авсан юм.
Сургагч А.Ефремов эхний ээлжинд театрын түр сургууль байгуулахаар болж жүжигчдийг шалган авахаар зар тараажээ. Үүний дагуу 30 орчим хүнийг шалган авч театрын студисургуулийг нээж бичиг үсэг, театрын түүх, жүжиглэх уран чадварын хичээлүүд заасан байна. Эндээс Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, Ч.Цэвээн, Ё.Ша равдоо зэрэг Монголын театрын нэрт жүжигчид төрөн гарсныг бид бүхэн сайн мэд нэ. А.Ефремов жүжигчдийг бэлтгэн гаргахаас гадна театрын урын сангийн талаар ихэд анхааран ажилласны дээр манай театрыг 1933 оны тавдугаар сард Москвад Олон улсын театрын их наадамд амжилттай оролцох ажлыг гардан зохион байгуулсан билээ. А.Ефремов 1935 онд нутаг буцсан бөгөөд хожмоо Монголын театрын тухай “Гурван жил”, “Орчин үеийн Монголын театрыг үүсгэн байгуулсан тухай” зэрэг нэлээд хэдэн өгүүлэл бичиж, илтгэл тавьсан байна.
СОНГОДОГ ЗОХИОЛУУДЫГ ГАНЗАГАЛАН ИРСЭН СУРГАГЧ
А.Ефремовыг нутаг буцсаны дараа 1936 оны дундуур мөн К.С.Станиславскийн шавь, театрын хоёр дахь мэргэжил тэн В.А.Борейшо иржээ. Тэрбээр театрын хоёр дахь студи-сургуулийг нээж, жүжигчдийн орон тоог нэмэгдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилго тавин ажиллахаас гадна театрын урын санг дэлхийн сонгодог жүжгүүд болон Оросын жүжгийн зохиолоор баяжуулсан юм. Түүний ажиллаж байсан он жилүүдэд Испанийн алдарт жүжгийн зохиолч Лопе де Вегагийн “Хонины булаг”, Италийн нэрт жүжгийн зохиолч Карло Гольдонийн “Хоёр эзний ганц зарц”, Оро сын жүжгийн зохиолч В.Ива новын “14-69-р хуягт галт тэрэг” гэх зэрэг нэлээд жүжиг тавигджээ. В.А.Борейшогийн хичээл зүтгэлийн үрээр манай жүжигчдийн мэргэжлийн ур чадвар ахисан хийгээд Монголын үзэгчид дэлхийн сонгодог жүжгийн зохиолуудтай танилцсан юм.
БАГШ БАС ЭРДЭМТЭН
1939 онд театрын гурав дахь мэргэжилтэн Г.А.Уварова ирэв. Хэдийгээр тэрбээр Монголд ердөө ганцхан жил ажилласан ч нутагтаа эргэж очоод Монголын театрын тухай сэдвээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалж, уг ажлаа ном болгон “Орчин үеийн Монголын театр” нэртэйгээр 1947 онд хэвлүүлсэн байна. Уг ном нь Монголын театрын түүхийн тухай өгүүлсэн анхны ном ба энд театрын анхны элемент 1921 оноос өмнөх театр, мэргэжлийн театр байгуулагдсан тухай болон театрын найруулагч, зураач, жүжигчдийн тухай зэрэг бүхэл бүтэн түүхийг өгүүлснээрээ ач холбогдолтой. Г.А.Уварова хожим 1960 онд эрдэмтэн, зохиолч Э.Оюун гуайг докторын зэрэг хам гаалахад албан ёсны удирдагчаар нь ажиллажээ.
ТЕАТРЫН БҮТЦИЙГ ӨРГӨЖҮҮЛЭВ
Театрын найруулагч А.А.Рабинович дэлхийн II дайны үеийн он жилүүд болох 1941-1946 онд Монголын театрт ажиллажээ. “Улс орны байдал хүнд хэцүү байсан хэдий ч тэрбээр театрын бүтцийг өргөжүүлэн хөгжим, бүжиг, дууны ангиуд нэмэн бий болгож, жүжигчдийн сахилга батыг сайжруулсан” гэж театрын түүхэнд тэмдэглэсэн байдаг билээ. Түүний үйл ажиллагаа зөвхөн тайзнаа жүжиг тавихаар хязгаарлагдаад зогсохгүй концертийн хөтөлбөр гарган тавьсан нь жүжигчдийн тоглолтын ур чадвар нэмэгдэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгчээ.
ҮНДЭСНИЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ЧУУЛГЫГ Б.Ф.СМИРНОВ БАЙГУУЛЖЭЭ
Үндэсний мэргэжлийн театр бий болж хөгжсөн он жилүүдэд драмын найруулагчид төдийгүй хөгжмийн зохиолчид, бүжиг дэглээч, найрал дууны багш, тайзны зураачид ирж ажиллан хувь нэмэр оруулсан юм. Жишээ нь 1940-өөд оны үед Б.Ф.Смирнов уригдан ирснээр Улсын Төв театрын хөгжимчид, дуучдын ур чадвар өсөж, үндэсний найрал хөгжмийн чуулга байгуулагджээ. Б.Смирнов хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн хамтаар их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн хөгжмийг шинэчилж үндэсний томоохон дуурь болгожээ. Тэрбээр монгол ардын дуу, туулийг сонирхон судалдаг байсан бөгөөд “Монголын хөгжмийн урлаг” (1963), “Монгол ардын дуу” (1971), “Монголын хөгжим” (1975) зэрэг ном бичиж хэвлүүлсэн байна.
К.И.Померанцев, Н.Бектеева, Н.Бейлис нар театрын тайз чимэг лэлийг бий болгож Монго лын театрын анхны зураа чид болох Л.Гаваа, Н.Цүлтэм нарыг дагалдуулан сургасан байна. Ингэснээрээ манайд тайз чи мэглэлийн реалист чиглэлийг бий болгожээ. А.А.Ефремов, В.А.Борейшо, Г.А.Уварова, А.А.Рабинович нарын олон сургагч нь хэдийгээр орос хүмүүс боловч халуун сэтгэлээр хандан ажиллаж байсны үрээр Монголд театрын урлагаар зогсохгүй дүрслэх урлаг, утга зохиол, кино, хөгжим, бүжиг, дуулаачийн урлаг зэрэг орчин цагийн урлагийн эх үндэс тавигдахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
No comments:
Post a Comment