Thursday, November 7, 2013

Монгол улсын театр

Үүсэл хөгжил

Монгол улс театр урлагийн эртний уламжлалтай орон билээ. Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оноос хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, "Улаан гэр”, "Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгууллагдаж соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардалага тулгарснаар 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоол гарч "Улсын төв театр” байгууллагдсан түүхтэй. Орчин үеийн мэргжлийн театрыг байгуулахын тулд ОХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатай курс нээн ажиллуулсны үр дүнд С.Буяннэмэхийн "Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн билээ. Ийнхүү монгол оронд орчин үеийн мэргэжлийн театр буй болж Монголын үндэсний соёлийн түүхэнд, нүүдэлчин ардын оюуны ертөнцөд нэгэн шинэ хуудас нээгдсэн юм. Энэ цагаас хойш монголын театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хэд хэдэн үе өсч өндийн хаана ч, хэзээ ч давтагдашгүй түүхийн баялаг өв уламжлалаа хойч үедээ үлдээж уран бүтээлээ туурвиж байна. Тус театрын уран бүтээлдийн санаачлага, тэдний идэвхи оролцоогоор Дорнод, Ховд, Баян-Өлгий аймгийн ХДТеатрууд, мөн түүнчлэн УДБЭТ, Улсын цирк, Хүүхэд залуучуудын театр, Хүүхэлдэй театр зэрэг мэргэжлийн урлагийн олон байгууллагууд үүсэн байгуулагдсан билээ. Тус театр нь 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зэрэг улс оронд айлчлан тоглож, олон улсын уралдаан тэмцээнд I, II байр эзэлж байсан бөгөөд монголын тайзнаа Орос, Хятад, Япон улсын театрын уран бүтээлчид ч харилцан айлчлан тоглож байсан юм. Манай уран бүтээлчидтэй Орос, Хятад, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Харвотын багш уран бүтээлчид ирж ажиллаж байсан бөгөөд театрын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, хуа Финь, И.Тыл, Б.Брехт, А.Папаян, Р.Тагүр, Г.Лорка, Ж.П.Сартр, Южин O’Нил, А6чейз, Г.Уильямс, Г.Ибсен, А.Грин, Т.Вертенбейкер, Г.Габбе нарын зохиолууд хүндтэй байрыг эзлэж байгаа нь театрын уран бүтээлчдийн цар хүрээг илтгэн харуулж байгаа хэрэг юм. Орчин үеийн монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр нь үндэсний хэл, ёс заншил, ахуй амьдралын толь болсон дэлхийн сонгодог болон өөрийн орны 400 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.
 

No comments:

Post a Comment