Эртний Ромын театр Англиас анх удаагаа олдлоо
Кентийн археологийн хээрийн их сургуулийг үндэслэгч, доктор П.Уилкинсоны үзэж буйгаар Их Британид анх удаагаа ийм театр олдож байгаа нь энэ аж. Сонирхолтой нь энэхүү олдвор түүний сургуулийн арын хашаанаас буюу Кентийн Фэвершэмээс олдсон юм. Дугуй тайзтай, нийт 12 мянган үзэгч суух боломжтой тун том байгууламж байсан нь малтлагаар тогтоогдсон гэнэ.
П.Уилкинсон ярихдаа “Энэ бол гайхалтай олдвор, Британид анхных нь. Энэ бол зөвхөн Фэвершем төдийгүй Британи улсын хувьд содон нээлт боллоо.
Уг барилгыг ромчууд шашны зориулалтаар ашигладаг байж магадгүй. Өөрөөр хэлбэл энд шашны төрөл бүрийн ёслол болдог байсан байх. Хойд Европт иймэрхүү театр 150 орчим бий ч Британиас өдийг хүртэл олдоогүй байсан юм. Тиймээс бид үүнийг хойч үедээ уламжлуулж үлдээхийн тулд эртний дурсгалт газар болгож хайрлан хамгаалахыг хүсч байна” гэжээ.
Харин Английн өв сангийн хэвлэлийн төлөөлөгч Д.Хикмэний өгүүлсэнээр бол Фэвершэм дэх энэ байгууламж үнэхээр Ромын театр болох нь тогтоогдвол тун өвөрмөц олдвор болох нь гарцаагүй гэж хэлжээ.
Тус газарт малтлагын ажил тэртээ 2007 онд эхэлсэн боловч эцсийн дүгнэлтүүд дөнгөж гарч ирээд буй нь энэ юм.
Археологчид тус театраас холгүй сүмийн хашаа, рашаан болон амьтны шатаасан яс зэргийг олсоноос үндэслэн шашны зан үйлийн томхон төв байжээ гэсэн дүнэлт гаргаад байгаа ажээ.
No comments:
Post a Comment